ГАРАЛ ҮҮСЭЛ: Морин хуурын гарлын талаарх Монголчуудын ойлголтыг үндсэнд нь хоёр ангилж болох юм. Нэгд, олон жилийн туршид Монголын ард түмэн морин хуурын үүслийн талаар домог үлгэр хэлэлцсээр ирсэн. Жишээлбэл “Хөхөө Намжилын домог”, “Аргасун хуурчийн домог”, “Жонон харын домог” гэх мэт. Эдгээр домгийн гол санаа нь хүн, морь хоёрын харилцаа, үгээр хэлшгүй тэр сэтгэлгээнээс морин хуур үүссэн хэмээнэ. Харин хөгжим судлаачдын үзэж байгаагаар Морин хуур нь “их хэл” гэсэн утгатай “икэл” хөгжмөөс гаралтай бөгөөд сүүлд морин толгой дүрслэн урлаж морин хуур хөгжим үүссэн ба шанаган хэлбэртэй болон дөрвөлжин модон дээр ямааны буюу ботгоны арьс сайтар татан ширлэж, адууны сүүлээр хялгас буюу чавхдас татан нумаар хөрөөдөн тоглодог байж. Энэхүү хөгжим нь анх хэлгүй буюу нутгүй товшуур хөгжмөөс сүүлд нумаар хөрөөдөн хэлтэй болсон байна. Морин хуурын үүсэл болсон ийм шанаган хэлбэртэй хуур одоо ч Баруун Монголд байсаар буй.
Морин хуурыг анхлан нутаг нутгийн онцлогоос хамаарч ширэн цартай, морин, хүн, арслан, матар толгойт хуур зэргээр урлаж байсан байна.
Францын эрдэмтэн М. Санторо морин хуурын гарлыг бүр урагшлуулж, яст мэлхий үүссэн үетэй холбон тайлбарласан буй. Гэвч үүнийг батлах боломжгүй, хэт уран сайхны гэмээр санал болсон байна.
Энэ хэсгийн дүгнэлт болгож хэлэхэд, Монголд угаас хуур, икэл хэмээх хөгжим байжээ. Тэр хөгжим дээрээ янз бүрийн хүн, амьтны толгой урладаг байсан байна. Гэвч Монголчууд морийг зөвхөн унаа болгон хэрэглэх бус, “Молор эрдэнэ” хэмээн дээдэлдэг байсан тул мөнөөх хуур хөгжим дээрээ ихэвчлэн “Молор эрдэнэ” – морио байрлуулах болсноор Морин хуур хөгжим үүсчээ.
ХӨГЖИЛ ХУВЬСАЛ:
Монголын эзэнт гүрнийг байгуулсан эзэн Чингис хааны үед төрийн ёслол, хүндэтгэл найр цэнгээнийг Морин хуур хөгжмөөр нээн эхлүүлдэг байсан нь энэхүү хөгжим ямар өндөр зэрэгт тавигддаг байсан нь харагдаж байна.
Тодруулбал төрийн хүндэтгэл, ёслолыг нээж төрийн дуу гэгдэх Монгол Ардын Айзам Уртын Дуу болох “Эртний сайхан” – г дагаж хуурддаг байж.
XVI зуунаас морин хуур нь Луу толгойт болон хувирсан байна. Энэ нь Манж Чин улсын дарангуйллаас үүдсэн бөгөөд Манж хүн нь шар өнгийг нарны өнгө, луу гэх үлгэрийн амьтныг агуу хүчтэй тэнгэрийн амьтан гэх мэтээр бэлэгшээн Манж ард эзэн хааныгаа наран адил гэгээтэй, луу адил хүчтэй хэмээн үздэг байснаас улбаалж морин хуур маань луу толгойт болсон байна. Үүнээс үзэхэд морин хуур нь зөвхөн ард түмний хүрээнд бус ордны хөгжим байсан байж болох талтай.
Морин хуур нь үүссэн цагаасаа эхлэн Монголчуудын дуу, хуур, бүжиг наадамд голлох хөгжмийн зэмсэг байсаар өнөөг хүрчээ. Ганцхан жишээ толилуулахад, Баруун Монгол ардын биелгээ л гэхэд морин хуургүйгээр биелэх ямар ч боломж байхгүй. (Тоглон үзүүлэв)
Ийнхүү Монголын ард түмний дунд хөгжиж ирсэн морин хуур хөгжим орчин үеийн тайзны урлаг болон дэвшихэд 20-р зууны үеийн хоёр хүний хөдөлмөр чухал нөлөөтэй.
Юуны өмнө Монголын нэрт хөгжимчин Г.Жамъян нь морин хуурын сургалтыг өнөөгийн мэргэжлийн түвшинд хүргэхэд онцлох үүрэг гүйцэтгэсэн юм. Тэрбээр анх удаа морин хуурыг өрнийн тонн ноотонд шилжүүлснээс гадна анх удаа Монголд морин хуурын мэргэжлийн сургалтыг эхлүүлжээ.
Манай хуурчид XX зууны 30 аад оноос хойш дэлхийн олон газар орноор аялан цаг агаарын янз бүрийн бүс нутагт тоглох болсон юм. Гэтэл ширэн цар нь хэт халуунд их агшиж дуу нь шингэрэх, чийгтэй газар шир нь сунаж дуу гаргах боломжгүй болдог байжээ. Үүнээс улбаалж морин хуурыг шинэчлэх арга зам хайж эхэлсэн байна. Ингээд 1962 онд монголын соёлын яамны урилгаар Оросын хийлийн төрлийн хөгжим урлаач Денис Яравойг урьж уламжлалт хөгжмийн зэмсэг болох морин хуурыг ширэн царнаас модон цартай болгож өнөөгийн бидний хэрэглэж буй мэргэжлийн морин хуурыг бүтээлгэсэн байна.
МОРИН ХУУРЫН ХИЙЦ
Морин хуурын бүтэц болбоос иш, цар, нум гэсэн гурван хэсгээс бүтэх нэг цогц бөгөөд ишний дээд талд морины толгойн сийлбэр, хөглөгч чих, цар буюу долгион дамжуулан дуу гаргагч хайрцаг, ишний дээд талаас царны доод хэсэг хүртэл үргэлжилэх цавхдас буюу хялгас, иш царнаас хялгасыг хөндийрүүлэгч дээд доод тэвх буюу марнууд, чавхдасыг хөрөөдөгч нумнаас бүрдэнэ. Морин хуур хөгжмийн зэмсэг нь бүдүүн нарийн чавдастай бөгөөд монголчууд жилийн 365 хоногийг бэлгэдэж нарийн болон бүдүүн чавхдас, нуманд хуваан уралдаг юм байна. Морин хуурын хоёр чавхдас нь арга бэлгийн чавхдас буюу нарийн чавхдас нь бэлгэ хялгас буюу сайн гүүний сүүлээр бүдүүн чавхдас нь арга хялгас буюу азарганы сүүлээр хийгдэнэ. Морин хуурын нум их чухал, өмнө нь нумыг бургас, хус болон улаан ухай зэрэг модоор хийж байв. Морин хуурын нумыг гадна хэлбэр дүрсээр нь
1. Бөөрөнхий нум
2. Наймантай нум
гэж хоёр ангилдаг.
Морин хуурын нумын хүнд нь хийл ба cello – н нумын адил тогтвортой байдаг. Морин хуурын нумын хүнд нь 86-95 гр байвал тохиромжтой гэж үздэг. Морин хуурын нумын хүндийн төв нь уг хэсгээс 1/3 орчмоос өмнүүр байна. Морины сүүлэнд давирхай амархан тогтох учир түүнийг нумын хялгас болгон ашигладаг мөртлөө адууны сүүлээр хийдэг ба нумны хялгас нь ойролцоогоор 250 ширхэг байдаг.
МЭРГЭЖЛИЙН МОРИН ХУУРЫН СТАНДАРТ ХЭМЖЭЭ
Морин хуур модон цартай болсноос хойш Монголын олон арван хөгжим урлаачид энэхүү хөгжмийг мэргэжлийн болон нэг стандартыг болгохыг хичээсээр морин хуурын нэг хэмжээг тогтоосон юм. Ингээд доорх үр дүнд хүрчээ.
Морин хуурын тэвх (маар): Тэвх буюу маар нь дээд доод гэсэн хоёр тэвхтэй бөгөөд доод тэвх буюу том тэвхний өндөр нь 3.8 см, өргөн нь 7.3 см орчим байна. Дээд буюу жижиг тэвхний хэмжээ нь өндөр нь 2.2 см өргөн нь 3 см орчим байна.
Морин хуурын чих: Чих буюу хөглөгч нь 15 см орчим байна. Иш толгойн хэсэг нийтдээ 77 см орчим тоглогдох ашигтай хэмжээ 44 см орчим байна.
Морин хуурын цар: Морин хуурын цар нь трапец хэлбэртэй бөгөөд царны дээд хэсэг 20 см, доод хэсэг 28 см, өндөр нь 32 см, ар өвөр талын хоорондох зай 10 см орчим байна.
Энэ хэмжээ зөвхөн ерөнхий гаргасан нэг хэмжээ юм. Морин хуур тоглооч, морин хуурч хүний биеийн өндөр нам өргөн бүдүүнээс хамаарч хэмжээнд бага зэрэг өөрчлөлт ордог.
МОРИН ХУУРЫН ХӨГ
Морин хуурын хөг нь дөрвөц буюу цэвэр кварт, товч буюу цэвэр квинт хөгөөр хөглөгддөг ба тавц хэмээх жонон хөг, дөрвөц цахар буюу солгой хөг гэдэг. Морин хуурын энэхүү хөг тонныг монголчууд хэрхэн яаж тааруулж байсныг мэдэх боломжгүй юм. Хуурчид бидний үзэж байгаагаар цаг агаарын нөхцлөөс шалтгаалж түнгэсэн буюу дор хөгөөр, шингэн буюу дээр хөгөөр тоголдог байсан юм байна. Учир нь ширэн цартай хуур цаг агаараас болж хөгний хувьд байнга хувьсдаг учраас. Гэхдээ Монгол газар нутгийн уур амьсгал чийглэг бус сэрүүн байдаг учраас энэ тал дээр их бэрхшээл гардаггүй байсан байхаа. Харин хоёр чавхдасын хооронд тонн хөгийг хэрхэн тааруулдаг байсан нь сонирхол татаж байгаа юм. Морин хуур нь өөрийн үндсэн хөгөөр “салхинд” дуугардаг байсан нь маш сонирхолтой. Өөрөөр хэлбэл хуурын хоёр чавхдасын хоорондын тонн хөг нь яв цав тохирсон тохиолдолд морин хуурын хөг татаж байгаа мэт адил салхинд дуугардаг юм байна. Энэ нь юуг өгүүлж байна гэхээр Монгол түмэн байгалийн түүхий эдээр болон амьд эдээр энэ гайхамшигт “хялгасыг хялгасаар хөрөөдөгч” хөгжмийг өөрсдийн оюун ухаанаар болон ахуй амьдралаасаа бүтээсэн нь тод болж байгаа юм.
Харин морин хууранд өрнийн хөгжмийн тонн хог тогтооход цахар хөгийг 7 эгшигт нотны бага актавын B.F цэвэр кварт, жонон хөгийг буюу тавц хөгийг B.F гэсэн тонн хөгөөр тогтоосон байна.
ТОГЛОХ АРГА БАРИЛ
Морин хуурыг тоглох техник арга барилын талаар танилцуулья.
Морин хуурыг суугаа байдалтай, биенээс хагас хөндий барина. Зүүн гарын дөрвөн хуруугаар, зарим тохиолдолд эрхий хуруу оролцон тоглоно. Нэг хоёрдугаар хурууны хумсны толиогоор буюу хумс махны завсраар, гурав дөрөвдүгээр хурууны өндгөөр дотогш түлхсэн маягаар тоглоно. Хурууны байрлал болон дотогш түлхэх хөдөлгөөн нь морин хуурны ишнээс хол зайтай өндөр байдгаас шалтгаалдаг бөгөөд хуруунаас маш их хүч гардаг. Баруун гарын хувьд нумт хөгжимд тоглогддог штрихийг тоглоно.
МОРИН ХУУР - ӨНӨӨДӨР
Морин хуур өнөөдөр дэлхий нийтэд танигдсан хөгжим болж чаджээ. Ялангуяа 1990 оноос хойш маш эрчимтэй хөгжиж байна. Өнөөгийн морин хуурын хөгжилтэй зайлшгүй холбогдож яригдах зүйл бол МУ – ын ерөнхийлөгчийн шагналт Морин хуурын чуулга билээ. МУ – ын Морин хуурын чуулга нь 1992 онд анхны тоглолтоо тоглож нээлтээ хийж өнөөгийн морин хуураа болон монголын үндэсний урлагаа дэлхийн 3 тивийн 30 гаруй улс оронд таниулан ихээхэн өндөр үнэлгээ аваад байгаа 30 гаруй уран бүтээлчидтэй чуулга билээ.
Морин хуур чуулгыг үүсгэн байгуулагч Ц.Батчулуун нь морин хуур хөгжмийн гайхалтай тоглооч бөгөөд морин хуур хөгжмийн сургалтанд түлхүү анхаарч өнөөгийн чадварлаг олон арван тоглоочдыг төрүүлэн гаргасан билээ. Тэрээр морин хуурын чуулгыг 1991 онд ХБДС – н хэсэг оюутныг цуглуулж, сургуулийнхаа дотуур байранд бэлтгэл хийлгэж анх үүсгэн байгуулж байсан түүхтэй юм.
1992 оноос 2008 он хүртэл 16 жилийн хугацаанд 1400 гаруй уран бүтээлтэй урын санг бий болгож (монголын болон гадаадын сонгодог) морин хуур гэх хөгжмийн зэмсгийн бүхий л нөөц бололцоог дээд цэгт нь үзүүлж байгаа уран бүтээлчид билээ. Тэр цагаас хойш тэдгээр оюутнууд өнөөгийн морин хуурыг гайхалтай хөгжүүлэгчид, монголын урлагийн гарамгай төлөөлөгчид болж чадсан юм. Тэдгээрийн хийсэн онцлох зүйлүүдээс дурдвал:
• 1999 онд Сонгодог дуурын урлагийн гайхалтай бүтээл болох “Carmen” дуурын “Сюит” - г морин хуураар болон чуулгаараа хөгжимдсөн. Тэр ондоо монголын урлагийн дээд шагнал болох Гоо Марал алтан цом шагнал хүртсэн.
• Монголын анхны дуурь болох “Учиртай 3 толгой” дуурь
• Австрийн хөгжмийн зохиолч В.А.Моцарт “Серенада #49”
• “Радитцкий марш” гэх мэтчилэн олон арван бүтээлийг Монголыхоо болон гадаадын сонсогчиддоо хүргэсэн билээ.
Энэхүү чуулга нь дэлхийд хэмээн нэрлэгдэх Японы “Сантори”, Оросын “Новый большой”, Америкийн New York хотын “Карнегийн их танхим”, Австрийн Брамсын нэрэмжит “Алтан тайз” зэрэг олон газар тоглож Монголыхоо нэрийг морин хуураараа дуурсгаж яваа билээ.
Монгол улсын төр засгаас 2003 онд МУ – ын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн ивээлд багтааж, айл өрх бүр морин хуурыг хоймортоо залах, хүн бүр сурч эзэмшихийг хичээж, хуурч бүрийг морин хуураа сурталчилж, сурган зааж явах үүрэг оноогдсон билээ.
Монгол түмэн морин хуурыг дэлхийд таниулсан хамгийн том үйл явдал бол 2003 оны 11 – р сард дэлхийн өв сан болох UNESCO – д шилдэг хөгжмийн зэмсэг болгон бүртгэсэн явдал юм.
Морин хуурч М.Хонгорын үзүүлбэр
Гайхамшигт тоглолт
No comments:
Post a Comment