Tuesday, January 8, 2013

Хөгжмийн боловсрол эзэмших

Хараа салгамгүй уран гоё барилга, гишгэх газар олдомгүй ширэг ногоон зүлэг, цэцгийн мандал бүхий цэцэрлэгт гудамж, театр, үзэсгэлэнгийн газар, сүм мөргөлийн газрууд, нүүрэндээ инээмсэглэл тодруулан яарал­гүйхэн алхах цэвэр цэмцгэр хүмүүс, эсвэл хайрандаа умбан жаргах залуу хос, эхнэр,нөхөр, эмээ өвөө нар.
Европын хөгжилтэй аль ч орны их хотын ердийн амьдралын дүр зураг. Сэргэн мандалтын үеэс хүчээ авсан хөгжлийн хурдац нь улам эрчимжсээр орчин үеийн хэв загвар нь моод болж, өнгөрсөн үеийнх нь удах тусам үнэтэй болдог үнэлэмж, харилцаа, хөгжлийн цогц загварын зөвхөн харагдах байдал нь ийм.
  Хөгжмийн боловсрол их хотын ийм дүр төрхтэй яагаад холбоотой байдаг билээ гэж зарим хүн бодож байж болох. Гэтэл хамгаас илүү хамаатай болохыг эрхэм уншигч та нийтлэл унших явцдаа хүлээн зөвшөөрөх болов уу. Хэрвээ та анзаарч буй бол бид сэтгүүлийнхээ хавтасны материалыг хүнд гэж хэлж болох нийгмийн сэтгэл зүй, улстөрийн сэдэв, хөнгөн гэж үзэж болох соёл гэгээрлийн чиглэлээр болон хүүхэд, залууст хандсан сэдвээр ээлжлэн бичиж буй. Энэ удаа хөгжмийн боловсрол хувь хүн, нийгмийн хөгжилд ямар хэрэгтэй болох талаар хүргэх гэж байна.
 Уг сэдвийг сонгочихоод ой тоонд ортол тайлбарлаж өгч туслах мэргэжилтэн нэг их удаан хайж зовсонгүй. Шууд хөгжим судлаач, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайд хандсан юм. Редакцийнхан бүгд түүнийг тойрч суугаад хөгжмийн тухай, боловсрох тухай, байгаль, хүний нийгэм, түүний хөгжлийн тухай, гоё сайхан, төгс төгөлдрийн тухай улмаар манай үе үеийн төр засгийн удирдагчид хөгжмийн боловсролтой бол улс орон арай ч өнөөдрийнх шиг ингэж дампуурахгүй тухай ярилцацгаасан юм.
  Шийдвэр гаргах төвшинд ажилладаг хүмүүсийн олонхи нь хөгжмийн боловсролтой бол улс орон өнгөтэй, хөгжил нь ч хурдацтай байх юм гэсэнтэй уншигч та санал нийлж байна уу. Тухайлбал УИХ-ын эрхэм гишүүд бүгд ямар нэгэн хөгжмийн зэмсгээр тоглодог, цаг зав зориулдаг, хөлс хүчээ шавхдаг, уран бүтээл, уран бүтээлчдийг дээдлэх үзэлтэй, авьяас амжилтаар нь бахархаж чаддаг, хөгжмийн бүтээлийг оюуны амин дэм мэт хэрэглэж заншсан, өөрөөр хэлбэл тийм өндөр хэмжээний соёлтой бол олон түмэн ч соёлтой, өөдрөг, өнгөтэй, хот суурин цэвэр цэмцгэрийн зэрэгцээ төлөвлөлт, барил­га­жуулалтын гүй­цэт­гэл дээд зэрэг ер нь л бараг монголчуудын мөрөөдлийн хот, орчин бүрдэхэд нөлөөтэй аж. Яагаад? Энэ асуултад хариулахын тулд хөгжим гэж юу вэ гэдэгт хариулахаас эхлэх болж байна.
Хөгжим гэж юу вэ?
Н.Жанцанноров гуай үүнийг “Ертөнцөд олон янзын шуугиан байдаг. Хайр, хар, хов, хэрүүл, аз жаргалыг илтгэсэн гэх мэт. Тэр шуугиануудын дээд яруу найраг нь хөгжим юм. Мөн хүний сэтгэлийг эгшгээр хөдөлгөх дээд мэргэн чадвар. Бас сэтгэмж, логик, сахилга бат, зохион байгуулалт юм. Ертөнцийн тухай, үнэн мөнийх нь тухай ухуулах хуудас, номлол юм. Тухайлбал би өөрийнхөө хөгжмүүдийг өөрийн зүгээс хүмүүст илгээж буй номлол гэж ойлгодог” хэмээн тайлбарлаж байна. Хүн гоё байшин хараад “Хөөх, ямар гоё юм бэ” гэж харж мэдэрснээ үгээр илэрхийлдэг бол хөгжмийг сонсож сайхан эсэхийг нь мэдэрнэ. Чихэр, бурмыг амталж гоёыг нь мэддэг, ялгаж салгадагтай адил. Хөгжмийг мэдрэхэд чих онцгой үүрэгтэй бөгөөд хөгжмийг тархи руу оруулах эсэхийг шийдэх эрх бүхий “мундаг”эрхтэн бол чих. Чих хэрвээ виз дараад тархи руу илгээсэн л бол уг хөгжим хэмээх зөв зохион байгуулагдсан эгшгүүдийн цомог хүнд сайн, ердийн эсвэл муу нөлөө үзүүлдэг байна. Өнгөн талаас нь авч үзвэл сайхан, чанартай хөгжим хүний сэтгэлийг хөглөж, оюун санааг цэлмээн, урам зориг, эрч хүч бэлэглэнэ. Чанаргүй, хортой хөгжим ч бий гэнэ. Н.Жанцанноров гуай ийм хөгжмүүдийг метилийн спирттэй архитай зүйрлэж хошигносон.
   Нэлээд гүнд нь орж үзье. Зөв зохион байгуулалттай гэдэг нь үнэн чанартаа байгаль, хүн хоёрын харилцааны үнэмлэхүй үнэнд дөхсөн харилцааг шингээсэн зохион байгуулалт аж. Сахилга бат талаас нь авч үзье. Хүн, барилга, шуугиан гэсэн гурван тэс өөр төрлийн зүйлийг аваад үзэхэд аль алинд нь ерөнхий нэгэн зүйл байгаа нь сахилга бат. Зөв хүмүүжсэн, дэглэм журамтай, боловсорч хөгж­сөн, ёс суртахуунтай хүн, суурийг нь бат бөх тавьсан, зураг дизайн сайтай, шилдэг инженер, техникийн ажилтан, барилгачид өндөр зохион байгуулалтаар сүндэрлүүлсэн барилга, эсвэл хэрүүл маргаан, уйлаан чарлаан, сүйрэл, хагац­лыг илтгэх чимээ шуугиан биш, харин хайр энхрийлэл, дотно­сол, оргилсон хүсэл тэмүүлэл, бад­ран­гуй үйлс, ялалтад дуудсан чимээ шуугианыг илтгэх сайхан хөгжим гурвыг төстэй гэвэл адилтгагч нь сахилга бат аж. Энэ утгаар хөгжим хүнийг сахилга журамтай, төв шударга болгон “хүмүүжүүлдэг” байна. Н.Жанцанноров гуай энэ тухай ярьж байхдаа нэгэн жишээ татсан юм. Мань хүн оюутан байж. Москвагаас Внуково нисэх буудал руу таксигаар явж байхад нь жолооч ямар мэргэжилтэйг нь асууж л дээ. Хөгжмийн зохиолч болохоор суралцаж байгаагаа хэлбэл ихэд олзуурхан “Хөгжимтэй ойр хүн их өөр байх юм. Манай байрны гурван хүүхэд хөгжмийн сургуульд явдаг юм. Тэд гурвуул бусад хүүхдүүдээс нэг л өөр. Такие организованные, центричные ” гэж хэлж гэнэ. Эгэл жирийн жолооч эр хөгжмийн хүнд нөлөөлөх чанарыг мэдэрснээ хуваалцсан нь тэр бөгөөд хөгжим хэмээх гайхамшигт зүйл хүнд хэрхэн нөлөөлж далдуур хүмүүжүүлж байдийг тэр гурван хүүхдийн байдал төрх илтгэжээ.
  Энэ мэтчилэн олон сайхан жишээ татаж ярьсны эцэст нэрт хөгжмийн зохиолч маань “Хөгжим гэдэг бол ертөнцийн тухай ухуулах хуудас, номлол гэж би түрүүн хэлсэн. Хүн гэж ийм амьтан юм, ертөнц, хорвоо, амьдрахуй, хайр гэж юу юм гэдгийг хэлж, тайлбарлаж өгдөг нээлтүүд юм. Миний хувьд шинэ бүтээл бүхэн нээлт байдаг. Хөгжим бичих гэдэг нь тухайлбал Бетховены холбосон аялгуунуудаас шинэ бодис гаргаж авч байгаагаас ялгаагүй” гэсэн юм.
  Энэхүү нийтлэийг бичигч миний бие хөгжим сонирхогч юм. Хүн төрөлхтөний гайхамшигт бүтээл хөгжим гээч агуу зүйлийн талаар маш ихийг мэдэхийг хүсдэг. Хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдсөөр хөгжмийн уран зохиол, дэлхийн хөгжмийн түүхийн номнууд овоо хэдийг эргүүлсэн юм. Тэгэх тусмаа энэ агуу зүйлийн талаар юу ч мэддэггүйгээ ухаардаг. Гэхдээ гутардаггүй ээ. Хүн хөгжмийн боловсролтой болсноор ертөнц, нийгмийн тухай мэдлэг нь системчлэгдэж, амьдрал, ажил үйлс, гэр бүл, ахуйдаа ч дэг, соёлтой хандахыг эрмэлздэг шиг санагддаг. Нөгөө талаар хөгжим бол нийгэм, түүх юм гэдгийг олж мэдсэн. Нийгмийн тусгал учраас түүний тухай сонирхож мэддэг байх нь танин мэдэхүйн бас нэгэн төрлийн зэвсэгтэй болж байна л гэсэн үг. Аугаа хөгжмийн тухай яриад эхэлмэгц Европт амьдарч байсан, аялал зугаалгаар очиж байсан монголчуудын санаанд юуны өмнө христийн сүмийн өндөр өндөр, уран гоё барилга, музейнүүд, тэдний дотоод, гадаад засал бууж ирэх. Тэдгээр байшингууд руу яваад ормогц хамгийн түрүүн сүмийн асар том орган хөгжим байхыг олж харна. Мөргөлийн үеэр бол бүр ч сүртэй. Хүнгэнэсэн, эгээ л тэнгэрээс бурхан бууж ирж буй мэт их чимээ сүсэгтэн олныг эрхгүй эзэмдэнэ. Шашны хөгжмийн зориулалт нь тийм аж. Энд өгүүлж буй дүр төрхийг суут хөгжмийн зохиолч Й.С.Бахын зохиол, бүтээлүүдээс мэдэж болно. Түүний “Токката”-г нэг сонсоод үзээрэй. Тэр аяараа Европын түүхийн нэгээхэн хэсгийг хэдхэн минутад өгүүлж орхино. Тэгснээ Бранденбургийн концертуудыг нь сонсох юм бол мөн л тухайн үеийн Европын хотуудын энх цагийн амьдралын дүр зураг. Худалч хүнд түүх, соёлын дурсгалт хот Бранденбургийн үнэр үнэртэх ч шиг санагдах вий.
                      
  Тэгвэл Моцартын хөгжим юу хэлдэг вэ. Товчхон хэлэхэд тэрхүү том, нүсэр барилга байшин дотор юу болж байдаг, ямар амьдрал өрнөж, язгууртан ноёд хэрхэн аашилж аяглаж, алхаж гишгэж байсан тухай мэдэж болохоор. Бүдүүлгээр дур мэдэн зүйрлэхэд сайн барилгын дотоод чамин нандин засал чимэглэл, банзал өмссөн “хийх ажилгүй” эрчүүд цагаа “хүүхэн эргүүлж” хэрхэн өнгөрөөж байсныг ч бараг хэлээд өгдөг гэхэд болохоор. XVII зууны сүүлч, XVIII зууны эхэн үеийн Европ юм даа. Бетховены хөгжим юу өгүүлдэг вэ. Амьдрал, тэмцэл, хайр, ганцаардал, гуниг, цөхрөл, он удаан жил хүлээсэн ялалтын дуун бол түүний хөгжим. Дараа нь өөрөөр хэлбэл, хувьсгал, дайн самуун дууссаны дараахь үеийн нэг их налайсан тайван амьдралыг мөрөөдсөн, зүгээр л залуус гар гараасаа хөтлөлцөөд тайван алхаж явахыг хүсэмжилсэн хөгжим бол Шубертынх. Тэр эрхмийг дэлхийн хөгжмийн урлагийн түүхэнд романтизмыг эхлүүлсэн гэж үздэг. Харин нэлээд хэдэн жилийн дараа Норвегийн хөгжмийн зохиолч Э.Григ өөрийн бүтээлүүдээрээ “Шуберт нарын хэтэрхий нялуун хөгжмүүдээс татгалзая. Сансраас газарт бууж, бодит амьдралын өнгийг илтгэх хөгжим бичье” хэмээн тунхаглаж, тэр үзэл санаа нь хөгжмийн урлаг дахь реализмын эхлэл болсон түүхтэй юм билээ. За тэгээд П.И.Чайковский гээд яривал “хадуураад” явчих байх.
  Зөвхөн сонирхож уншихад хөгжим гэдэг түүх, зүй тогтол, систем юм гэдэг нь харагдсан. Н.Жанцанноров гуай бидэнд алтаар ч хэмжишгүй үнэтэй их зүйлийг ярьж өгсөн ч тэр бүгдийг нь нийтлэлд багтаах аргагүй. Гол нь түүний ярианаас хөгжмийн боловсролтой байхын утга учрын талаарх хэсгүүдийг нь орууллаа.
Хэрхэн хөгжмийн боловсролтой болох вэ?
Энэ тухай Н.Жанцанноров гуайтай хэрхэн ярилцсанаа толилуулъя.
 - Хөгжмийн боловсролтой байх, олох, олгох гэдэг хувь хүний асуудал юм уу, нийгмийнх үү?
  - Эхлээд хөгжмийн боловсрол гэж юу вэ гэдэгт хариу өгөхийг оролдох уу. Энэ нь урлагаас ангид асуудал шүү. Урлагийн хэрэглэгдэхүүнүүдийг ашиглан хөгжмийн тухай, түүгээр дамжуулж ертөнц, амьдралын тухай ойлгол­тоо гүнзгийрүүлж болох ч тэгснээрээ хөгжмийн урлагт нэвтэрлээ гэж үзэж болохгүй юм. Зүйрлүүлье. За, энэ энгийн халбага хоол идэх хэрэглэгдэхүүн мөн үү, мөн. Харин урлаг биш. Түүнийг их гоё болгон хээ хуар тавиад, дизайн чимэглэлтэйгээр хийвэл тэр музейд очно. Хүн бүр түүгээр хоол идэхгүй. Харин музей, үзэсгэлэнгээс урлаг талаас нь харсан, биширсэн хүн худалдаж авч зөвхөн өөрөө хэрэглэж болох юм. Ингэснээр тэр ганц, ховор, үнэ цэнтэй болж байгаа юм. Яг түүн шиг хөгжмийн боловсрол гэдэг олон нийтийн хэрэг бөгөөд ард олон боловсролтой, мэдлэгтэй байхыг хичээдгийн адил болж өгвөл хүн бүр хөгжмийн боловсролтой байхыг эрмэлзэх л хэрэгтэй.
  - Боловсрол гэдэг бүхэлдээ цул юм гэж үзвэл хөгжмийн боловсрол дөрөвний нэг хэсэг эмтэрхий нь гэвэл?
  - Хэдэн хувь гэдгийг мэдэхгүй байна. Яах аргагүй хөгжмийн боловсрол хүний хөгжлийн салш­гүй нэг хэсэг бол мөн. Боловсрол сайтай хүн нийгэмд олон байх ямар ач холбогдолтой нь ойлгомжтой. Ер нь боловсрол гэдэг эцсийн дүнд зөв амьдрах ухаан л юм шүү дээ.
  - Хөгжмийн боловсролтой хүн боловсролгүйгээс юугаараа ялгаатай вэ?
  - Хөгжмийн нарийн ширийнийг мэдэрдэг, тэр мэдрэмжээ ашиглаж чаддаг хүн бусдаас арай илүү сэтгэнэ ээ дээ. Тэр хүний тархи илүү ажиллаж байна л гэсэн үг.
  - Боловсролтойн дээр урлаг, хөгжимд ойр хүн ерөнхийдөө төгс төгөлдөрт дөхнө гэвэл?
  - Ер нь тэр зүг рүү л чиг гарч байгаа нь тэр. Хөгжмийн боловсрол гэдэг өргөн ойлголт, хоёр янз. Хөгжмийн мэргэжлийн боловсрол гэж байна. Мөн иргэний боловсрол гэж бий. Мэргэжлийн боловсролыг олон жилийн тусгай сургалтаар олго­дог. Хөгжмийн сургалтын бүх шатны байгууллагууд энэ талд ажил­ладаг. Харин хөгжмийн иргэний боловсролыг системтэйгээр олгох орчин манайд алга. Хүмүүс хүүх­дүүдээ хөгжмийн боловсролтой болгож өсгөх талаар санаа тавьдаг болсон нь сайн. Гэхдээ Бетховен хэдэн симфони бичсэн, Моцарт хэд насалсныг цээжээр хэлэх зэрэг нь хөгжмийн боловсролтой болж байгаагийн шалгуур биш юм. Хүн гээч дээд зохион байгуу­лалттай амьтан сонсох мэдрэхүйгээ хэр зэрэг ашиглаж чадаж байгаа тухай асуудал юм. Хүн юмыг амталж, үнэрлэж, харж мэдэрч таашаал авдаг, хэрэглэдэг биз дээ. Яг л түүн шиг сонсож таашаан мэдэрч оюунаа цэнэглэн хөгжүүлэх, улмаар амьдралаа хөглөхөд ашиглах тухай асуудал.
  -Хүмүүс хөгжмийн боловс­ролтой болох, ялангуяа хүүх­дүүдээ боловсролтой бол­гохын тулд яах ёстой, юунаас эхлэх вэ?
  - Хөгжмийн аливаа бүтээл сайн, муу байгааг ялгах чадвар­тай болж байгаа бол нэлээд боловсорч байгаа нь тэр л дээ. “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаагийн дүрд Бүтэд, Жавзандулам, Уртнасан гэсэн дуучид дуулахад хэн нь ямар дуулав, юугаараа ялгаатай, онцгой байв гэдгийг харьцуулж дүгнэж чадаж, өөрөөр хэлбэл аль нь таны таашаал авах хэрэгцээг хангаж байгааг тодорхойлж чадаж байвал тэр хөгжмийн чамгүй боловсролтой хүн. Сонсох эрхтэнээ ашиглаж, сэтгэл зүрхээ чагнаж буй хэрэг.
  - Тэгвэл анхны алхам нь?
  - Хөгжим бол бэлэн биш бүтээгдэхүүн юм. Яг л гурил шиг. Шууд хэрэглэж болохгүй. Зуурч, нухаж, хэрчиж байж болгож иднэ ээ дээ. Хүүхдээр гурил зууруулах хэрэгтэй. Усыг нь сайтар тааруулж зуурдаг болтол нь дахин дахин ажиллуулах хэрэгтэй. Хөгжмийн зөв эгшгэн дээр өөртөө таарсан эгшгүүдийг гаргаж чаддаг болтол нь гүрийлгэх. Хятад сайн тогооч нар гурилынхаа ширхгийг мэдэрч зуурч, нухаж, татаад нарийхан утас шиг болтол татаж сунгаж байдаг юм билээ. Яг л тэдэн шиг гурилын ширхгийг мэдэрдэг болтол нь ажиллуулбал уг нь хөгжмийг илүү мэдрэх юм.
  - Гурил зууруулах гэдэг нь ямар нэг хөгжмийн зэмсгээр тоглуулж сургана гэсэн үг ээ дээ?
  - Ээ дээ, яг. Төгөлдөр хуур, гитар ч гэдэг юм уу. Ямар ч зэмсэг байж болно. Хүн зовж, биеэр туулж байж илүү өөрийн болгодог. Мөн аль болох их сонсго, байнга үзүүл. Театрт очих болгондоо биш юм гэхэд аль болох залхууралгүй дагуулаад явж бай. Хүн нэг бүтээлийг олон удаа үзэж байж мөн чанарыг нь мэдэрдэг.
  - Та түрүүн удирдахуйн ухаанд ч урлаг, хөгжмийн болов­с­рол нөлөөлнө гэж хэлсэн?
  - Цэгцтэй, зөв мэргэн бодлого боловсруулахад логик, сэтгэх чадвар, өндөр зохион байгуулалт, сахилга бат, чадвар хэрэгтэй еэ дээ. Тэгвэл энэ бүхнийг хөгжим агуулж байдаг. Манай улстөрчид чухам ямар байдгийг мэдэхгүй юм. Английн захын лорд хийл хөгжим тоглодог шүү дээ. Хөгжмийн, хошин шогийн мэдрэмж сайтай хүмүүс байдаг. Хошин шог гэхээр манайхны үзүүлээд байдаг шог огт биш юм шүү. Сэтгэлгээний, хөгжсөн тархины зугаа гэдэг талаас ойлгох хэрэгтэй.
  - Японы хааны гэр бүлийн­хэн л гэхэд бүгд урлаг, хөгжмийг дээдэлдэг, бүгдээрээ л хөгжмийн ямар нэг зэмсгээр тоглодог нь ард түмний дунд соёл түгээх үлгэр жишээ болдог шиг санагдсан.
  - Тэгэлгүй яах вэ
  - Нээрээ манай улстөрчид хэцүү хүмүүс байдаг шүү. Морь мал л шүтнэ?
  - Нэг хүн ярьж байсан юм. Манай дарга нарын нэгнээс нь гадаад хүн Монголд “Тоска” тогло­дог эсэхийг асуухад нь “Тоска тоглодог гэж мэдэхгүй юм байна. Харин Тоёота л олон явдгийг нь мэдэх юм байна” гэж хариулсан гэдэг. Уран сайхны боловсрол олж аваагүй лидерүүд хүмүүний харилцааны утга учрыг олох уу даа. Компанийн захирал мөнгө тарааж Их хуралд гарснаа улстөрч боллоо гэж бодвол эндүүрэл. Албан тушаал түүнийг улстөрч болгож байгаа болохоос биш, мэдлэг боловсрол, чадамж нь болгож буй хэрэг биш юм.
  - Бидний хөндөж буй хүмүүс хөгжмийн боловсролтой байх нь хөгжлийн чухал элемент юм гэсэн санааг хөндөж олон нийтийн анхаарлыг ийш нь чиглүүлж байгаа маань хөнгөн, хийсвэр санаа, сэдэв биш гэдгийг танаар батлуулсандаа сэтгэл хангалуун байна?
  - Хөгжмийг мэдэрдэг, хэрэглэдэг байхад цаг хугацаа, орон зайн мэдрэмж, баримжаа-тай байна аа л гэсэн үг. Өнгөрсөн, одоо, ирээдүйн баримжаа, төсөө­лөл бол хөгжим.
  - Дунд сургуульд хүүх­дүүдэд хөгжмийн боловсрол олгох сайн хөтөлбөр хэрэгтэй санагдах юм. Танд хувилбар байхгүй юу?
  - Бэлэн юм алга. Харин энэ чиглэлийн мэргэжилтнүүд, байгуул­лагууд хамтарч зөвлөлдөж хэлэлцээд яах тухай асуувал би дуртайяа хүч нэмнэ.
  - Та Ерөнхийлөгчийн зөвлөх байх аа?
  - Үндэсний аюулгүй байдлын.
  - Тэгэх тусмаа таны л чигийн ажил байна даа?
  - Танай сэтгүүл энэ асуудлыг хөндөж байгаа нь цагаа олжээ. Амжилт хүсье.
  - Баярлалаа.