Ёочин

                                                            Ёочин хөгжмийн тухай
Монгол ардын үндэсний хөгжийн нэг төрөл зүйл нь янчир хэмээх хөгжим юм. Орчин үед хүмүүс голдуу ёочин хэмээн нэрлэж байгаа ч жинхэнэ монгол нэр нь янчир юм. Ёочин гэдэг нь хятад гаралтай нэр ажээ. Судар бичигт янчирыг Уйгараар дамжиж, дундад азиас монголд орж ирсэн гэж тэмдэглэсэн байна./Ж. Бадраа / Олон улсын хөгжмийн нэвтэрхий толь бичигт дурдсанаар янчир маягийн төрөл хөгжим нь дээр үед дундад азид  “Сантур” нэрээр гүрж, армен зэрэг оронд гарч байснаа, улмаар энэтхэг орноор түгэн дэлгэрчээ. Нөгөө нэг төрөл хөгжим нь эртний сири улсад 19-зуунд бий болсноо унгар мэт европын орноор дэлгэрчээ. Одоо энэ хөгжмийг “цимбал” хэмээн нэрлэдэг. Тиймээс гарал үүсэл нь Ж.Бадраа агсны  хэлсэнчилэн дундад азиас орж ирсэн хөгжим болох нь тодорхой.
Ёочин нь 4 хөлт сууринд тавьж утсан чавхдасыг хоёр (туян) хулсан цохиураар цохиж хөг аяс гаргаж тоглодог трапец хэлбэртэй модон гадрага бүхий хавтгай хөгжмийн зэмсэг юм.
Энэ нь Халхчуудын хэрэглэж байсан хөгжмийн зэмсгийн чавхдаст цохилуур хөгжмийн төрөлд багтана.
Урьд нь "оёчир", "янжир" гэх мэтийн янз бүрийн нэртэй байсан бөгөөд олон хэлбэр төрхөөр Ази болон зүүн Европын зарим улс үндэстний дунд нэлээд тархсан хөгжмийн зэмсэг юм.
Ёочин хөгжмийн зэмсгийг "Ян цинь" гэж хятадаар хэлдэг (утга нь гадаад хуур) чавхдаст хөгжмийн зэмсэг. Мин улсын үед (1368-1644) Хятадад нэвтэрсэн. Араб Персээс өрнө дахинд уламжилсан цаг үетэй төлөв тохирох ажээ гэж судлаачид тайлбарладаг. Монголоор янчир нэртэй байсныг сунжруулан ёочин гэх болжээ. Дундад зуунаас эдүгээ хүртэл орон тив дамжин хувьсан өөрчлөгдөхдөө тухай тухайн үндэстний хөгжмийн сэтгэлгээнд тохируулан хэрэглэсээр ирсэн байна. Ийм төрлийн зэмсэг Иранд-Сантур, Польш, Унгар, Молдав, Румын, Украйнд-Цимбал, Узбект-Чанг, Тажикт-Чанк, Солонгост-Янгум гэх олон төрөл зүйл болон дэлгэрсэн. Манай уламжлалд 1991 оноос хойш 8, 10, 12 эгшгийн эгнээг багтаасан 6-7 төрлийн ёочинг хэрэглэж эдүгээ хүрчээ.

Янчир хөгжмийн бүтэц. Янчирын бүх эд эсийг зангидаж байдаг хөндий цар бүхий зууван тарпец хэлбэрийн их бие. Нэлэнхүй энэ хөндий цар нь цохилтоос үүссэн дуу авиаг дуурсуулан цуурайтуулах үүсвэр болно. Царны баруун зүүн гар талд тус бүр 56 шон байх бөгөөд, нийт 112 шон байрлаж, янчирын утсуудыг хөвчилөн татах багана болдог. Татсан утсуудыг их биенээс хөдийрүүлэх 8-12,16-24 хүртлэх тэвхнүүд гол үүргийг гүйцэтгэнэ.
Хөг багтаамж, царааны хувьд, бага наймцын /октавын/ соль нотноос, гуравдугаар наймцын ми нот хүртэл дуугарах хүчин чадалтай. Янчирын дууны өнгө аяс нь царгиадуу уянгалаг өнгө аястай бөгөөд, ардын болон зохиолын аль ч бүтээлийг тоглох хүчин чадалтай хөгжим юм. Нөгөө талаар ардын найрал хөгжимд гоцлолоос гадна чимэглэлийн олон хувилбараар найрсан тоглогдох бололцоотой. Сүүлийн үед гавъяат багш янчирчин Г.Дашдаваа хөг нэмэгдүүлсэн шинчлэл хийсэн нь сургалтанд өргөн ашиглагдаж байна.



No comments:

Post a Comment